Ноолууран эдлэлийг цэвэрлэх маш төвөгтэй байдаг. Гэрийн нөхцөлд цэвэрлэхэд хэцүү, эсвэл мөнгө төлж угаах шаардлагатай болдог шүү дээ. Тэгвэл гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэж болох талаар танилцуулья.
1. Сав бэлдэх. Ноолууран эдлэлээ угаах саваа бэлдэх хэрэгтэй. Савандаа бүлээн ус хийгээд тохирох хэмжээний угаалгын нунтагаа хийнэ. Ингээд гараагаа бага зэрэг усаа хутгаж угаалгын нунтгаа тараах хэрэгтэй.
Санамжууд: Угаалгын нунтаг сонгохдоо найрлагатай нь танилцаж аль болох шүлт багатай угаалгын нунтагийг сонгоорой. Хэт халуун, ер нь халуун бүлээн усанд угаахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Учир нь агших магадлалтай бөгөөд мөн будаг нь гарч гандаж магадгүй байдаг. Харин будаг гарах эсэхийг нь харах гэвэл цагаан даавууг бага зэрэг норгоод хэсэгхэн газар үрээд үз. Хэрвээ өнгө гарахгүй бол өнгө нь гардаггүй ноолуур гэсэн үг юм шүү.
2. Угаах. Угаах явцад ноолуураа татаж чангааж бас мушгиж болохгүй. Мөн та ноолуурыг угааж байгаа тохиолдолд 5 минут л хангалттай. Ноолууран эдлэлийн хир буртагийн 98% нь 5 минутанд л арилдаг байна. Үүнээс удаан байлгавал өнгөө алдах магадлал нь улам ихсэх болно.
3. Усаар зайлах. Мэдээж ноолуураа цэвэрхэн усанд хийхдээ мушгиж болохгүй. Тиймээс угаалгын бодисыг бүрэн гүйцэд арилгах үүднээс аль болох олон удаа усанд зайлах хэрэгтэй. Харин шууд угаалтуурын доор усыг нь зайлвал сунах болно.
4. Усыг нь шавхах. Усыг нь шавхахдаа мушгихгүй, харин ноолуураа бөөрөнхийлөөд базах аргаар усыг нь гадагшлуулна.
5. Алчууранд усыг нь шингээх. Усыг нь гүйцэд шингээж авахын тулд танд шинэхэн цагаан алчуур хэрэгтэй. Ингээд алчуураа доор нь тавиад хамтад нь эргүүлэх хэрэгтэй. Хэрвээ нэг удаагийн ороолтын дараа ус байсаар байвал дахин шинэ хуурай алчуурыг ашиглаарай.
6. Хатаах. Хатаахдаа юмнаас өлгөж ер болохгүй. Эс тэгвээс сунаж хэлбэрээ алдана. Тэгэхээр сараалжин хувцас хатаах тавиур дээр тавьж хатаагаарай.
via mongolcom.mn